НОГООН ДАРЬ ЭХ


Төвдөөр: Долма

Санскритаар: Тара
Англиар: Green tara
Монголоор: Гэтэлгэгч эх

Ногоон дарь эх буюу Гэтэлгэгч ногоон эх. Түвд нэр нь Должан, самгарди нэр нь Шяматара болой. Амьтан бүгдийг зовлонгоос гэтэлгэдэг учир тийн нэрлэжээ.

Нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, маргад мэт өнгөтэй, энэрлийн мишээлтэй, хос мэлмийн сормуус урт, мэлмийн хар цагааны хувьд үл нийлэлдсэн, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, агшингийн гялбаа мэт мэдэгдэхүүнийг нэгэн агшинд болгоох чадалтай, нүдний эрхэс нь цагаан бөгөөд гэрэл лугаа төгс, уруул хийгээд гар, хөлийн алга ул нь улаан туяа төгс тэргүүний үс хар зөөлөн шанхалж хагас боосны дотор Одбагмэд бурхан заларч байдаг. Арван найман насны идрийн цог төгс, баруун өвдөг дээрээ гарын алгыг дээш харуулсан дээдийн өгөгч мутарлагатай. Энэ нь авал орхил дор мэргэн шавь нугуудыг бурхны газарт зорчихыг дуудаж буй, зүүн мутар нь авралын орон чухаг дээд гурвыг бэлгэдсэн, эрхий ба ядам хурууг учруулж бусад хуруунуудыг дээш босгосон нь авралыг өгөхийн мутарлага болно. Арслан мэт омгийн аюул, заан мэт мунхагийн аюул, гал мэт уурын аюул, могой мэт атаагийн аюул, хулгайч мэт муу үзлийн аюул, чөдөр мэт хармын аюул, ус мэт хүсэл тачаалын аюул, гэх мэт эргэлзэж тээнэгэлзэхийн аюулаас аварч чадна гэдгийг бэлгэддэг.

Мутарт барьсан хөх удвал цэцгийн бэлгэдэл нь огторгуй чацуут амьтан нугуудыг орчлонгийн амгалангаар үл барам бурхны хутагт хүргэмой хэмээхийн хичээлийг үүсгэхийн сануулга юм. Биеийн дээд хэсэг солонгон хувцсыг нөмөргөсөн, баруунаа жийсэн, зүүнээ хагас хумьсан завилгаагаар оршдог нь номын хүрдийг эргүүлж байгаад баяссан шавь нарын сэтгэлийн гадна дотно дайсны омгийн чуулган бүгдийн машид даран зохиож буй болой. Тэргүүнийх нь их эрдэнийн чимэг нь шинийн нэгний сараар оройгоо чимсэн, тэдгээр нь тэнгэр хүмүүний чимгээс гайхамшигтай, ялгамжаатай. Хүзүүний чимэг тэргүүтэн бусад унжлага чимэгтэй. Эдгээр бүх чимгээс зовлонг арилгагч цагаан гэрэл машид бадарч байдаг. Мөр тэгш дэлгэр, бэлхүүс нарийн бөгөөд түүнээс доошид сэрэмжгүй явдал, ичгүүр сонжуур тэргүүтнийг хаасныг бэлгэдэн хормогчоор их эрдэнийн чимэг сэлттэй бүс бүсэлсэн, ертөнцийн тэнгэр лусын хаан тэргүүтний хамгийн сэтгэлд зохистой эхнэрүүд ч гэсэн дээрхийн биений намба төрхтэй тэнцэлдэж үл чадах гоо үзэсгэлэнтэй.

Өнгөрсөн, одоо, ирээдүйд залрах бурхан бүгдийн үйлсийн эрдэм нь гэтэлгэгч ногоон эхийн дүрсэнд ургасан байдаг. Дарь эхийн лагшинг нэгэн үзүүрт сэтгэлээр санан дурдваас цаг бусын үхэл хийгээд гадна, дотны аюулаас аварч чадна. Хутагт Жанрайсэг бээр хэдий чинээ байгаа амьтан бүгдийг орчлонгоос гаргана хэмээгээд амьтны тусыг хэмжээлшгүй бүтээсэн ч орчлонгийн амьтан дундраагүйд уйсан шантарч мэлмийн нулимс унагасанд тэр нулимснаас нь бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээж Гэтэлгэгч эх бээр мэндэлсэн ёсыг үзүүлжээ. Тэрбээр амьтны тусыг би үйлдье. Хорлол бүгдээс авран хамгаалъя. Намайг сэтгэлдээ аргадсан амьтан тэдгээрийг ханьцашгүй бодид магадтай байгуулж үйлдье хэмээн зарлигдаад итгэлт Жанрайсэгийн үйлс зохиол нугуудыг таалсан байдаг.






Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН