АНХДУГААР БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ЛУВСАНДАМБИЙЖАНЦАН


XVII зууны Монголын бурхны шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Занабазар Халхын Түшээт хаан Гомбодоржийн удаах хөвгүүн болон 1635 оны Идэр хэмээх хөхөгчин модон гахай жилийн намрын адаг сарын 25-нд одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг Мандай толгой буюу Тахилга хэмээх нэртэй газарт мэндэлжээ. Түүний эцэг Хиад ястай Боржигон овогтой Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн шууд угсааны язгууртан болно. Занабазарыг 5 настай байхад Төвдийн Жавзундарнатын 16 дах дүр, Халх Монголын анхдугаар Богдоор өргөмжлөн шарын шашны тэргүүнд өргөмжлөн залжээ. Ийнхүү анхдугаар Богд хэмээн өргөмжлөгдсөн. Анхдугаар Богд 1649-1651 онуудад Төвдийн гүмбүм, Үй, Зан, Лхас зуу зэрэг газарт ном үзэж байгаад Монгол нутагтаа буцаж ирсэн. Өндөр гэгээн Занабазар нь монголын бурхны шашин, улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан юм. Түүний санаачилга оролцоотойгоор Оросын хаант улстай дипломат харилцаа тогтоохоор хэд хэдэн удаагийн элч томилсон, Сэлэнгэ зэрэг газар нутгийг Оросуудаас хамгаалж үлдэх гэсэн оролдлого гаргаж байв. Мөн Монгол оронд бурхан шашныг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн сүм хийдүүдийг байгуулан, урлагийн олон арван бүтээлүүдийг туурвих, өөрийн дэг сургуулийг буй болгох ажлуудыг түүхэнд гүйцэтгэсэн юм. Тэрээр Халх, Ойрадын зөрчилдөөний улмаас өөрийн ард иргэдийг авч 1691 онд Долооннуурт Манж Чин улсыг түших чуулган чуулснаар Халхыг Манж нар эрхшээх үүд болсон юм. Түүний энэ шийдэл нь тодорхой цаг хугацааг хожих, хожмын учирч болох их аюулыг гэм хор багатай гэтэлгэх гэсэн далд санаа байсныг түүхийн баримт, түүний амьдрал гэрчилнэ. Түүний бүтээсэн олон сүм хийдүүдээс хамгийн томоохон нь Хан Хэнтийн нуруунд орших Сарьдаг хийд буюу Рибогэжэйланганданшадублин хийд юм. Түүнийг 2013-2016 онд ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгээс малтан судалж Өндөр гэгээний уран бүтээлийн нэгэн томоохон ордон байсныг тогтоосон юм. Өндөр гэгээн Занабазарыг Монголын “Микел Анжело” хэмээн Билгүүн номч Б.Ринчен үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд Соёмбо үсгийг зохиож, “Маань бүтээх арга”, “Жинлавцогзолын тайлбар” хэмээх бүтээлүүдийг зохиохын зэрэгцээ Ногоон дарь эх, Цагаан дарь эх, язгуурын 5 бурхан, Долоон нандин, Ноёны шүтээний манал, Аюуш зэрэг бурхдыг бүтээсэн нь хүн төрөлхтний урлагийн түүхэнд хосгүй бүтээл болжээ.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ