ГОВИЙН ДОГШИН НОЁН ХУТАГТ


Данзанравжаа харагчин гахай жил буюу 1803 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт үгээгүй ядуу харц Дулдуйтын ганц хүү болон мэндэлжээ. Түүний бага ахуйд ээж нь нас барсан тул эцгээ даган айл хэсч гуйлга гуйн амьдарсаар могой жил буюу 1809 онд Онгийн голын хувилгаан Ишдонийлхүндэвээс сахил хүртэж банди(буддын шашны анхан шатны сахилтан) болжээ. Багаасаа хурц сэргэлэн нэгэн байсан тул шүлэг дуу зохиох болж, нутгийн олонд хүндлэгдэн улмаар Говийн догшин ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж, Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ. Д.Равжаа 1820-д оноос эхлэн Шарилын уулын гурван хийд, улмаар 1840 оны үед Галбын уулын гурван хийдийг байгуулсан нь тухайн үедээ соёл урлаг, гэгээрлийн төв болж байжээ. Д.Равжаа зөвхөн Хамарын хийдэд “Намтар дуулах дацан” хэмээх театр, номын сан, хүүхдийн дацан нэртэй урлагийн сургууль, Гиваадин Равжаалин нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулснаас үзвэл ард олныг соён гэгээрүүлэх иргэний шинжтэй байгууллагуудыг байгуулж байсан байна. Д.Равжаа хүүхдийн дацан хэмээх сургуульдаа эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг эрдэм номд сургаж, үүндээ түшиглэн “Саран хөхөөний намтар” жүжгийнхээ хөрөгчин буюу жүжигчин, хөл гарын дохиоч буюу дуучин, ерөөлч магтаалч, хэл хоолойн дохиоч буюу бүжигчин, жасчин буюу аж ахуй, тайз засалч урлалч үйлч хэмээх мэргэшсэн уран бүтээлчдийг бэлтгэн гаргадаг байжээ. Хүүхдийн дацанг төгсөгчдөд тусгай тэмдэг дарсан даавуу/гэрчилгээ/ олгодог байсан ажээ Энэхүү сургуульд үздэг байсан сурах бичгүүд, зураг урлал, хэв дардас тэргүүтэн болон түүний холбогдолтой эд өлгийн зүйлс, гар бичмэлүүд эдүгээ тус музейд хадгалагдаж байна.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ