БУРХАН БАГШ

Бурхан багш одоогоос 2500 жилийн тэртээ өнөөгийн Энэтхэг Балбын хилийн ойролцоо оршин байсан Шагжаан овгийн хааны агь болон сонин гайхамшигтай бэлгэсийг үзүүлэн мэндэлжээ. 29 насыг хүртэл хаан эцгийнхээ орд харшид хайр халамжаар дуталгүй өсөн торниж ертөнцийн эрдэм номд гарамгай суралцсан бөгөөд хаан эцгийн захиас айлдварын дагуу хөрш улсын хааны гүнжтэй гэрлэж Рахула нэрт хүүтэй болов. Хэдийгээр ханхүүгийн элбэг тансаг хангалуун амьдралаар амьдарч байсан боловч хорвоогийн мөн чанар таньсанаар уйсахуй сэтгэл төрөн 29 насандаа хаан ширээ, ханхүүгийн хэргэм зэргээ орхин үнэний эрэлд гарч даяанчийн замыг сонгожээ.
Тэднээс олон багш нараар бясалгал даяаныг заалган Ниранзана мөрний эрэг дээр 6 жил хатуужил бясалгал үйлдэн тэндээс босож Ниранзана мөрнийг гатлан Бодьгаяа буюу Очирт сууринд Бодь модны дор суун 35 сүүдэртэйдээ төгс гэгээрлийн хутгийг олжээ.
Бурхан багшийн айлдвар Ганжуур, Замбуутивд сайн цагийн мянган бурхан заларна хэмээдэг. Бидний багш Бурхан Будда Шагжамүни сайн цагийн мянган бурхны дөрөв дэх бурхан болон заларчээ. Анхны бурхан Хорванжиг хүмүүний нас 4 түмийн настай үед, хоёрдугаар бурхан Сэртүн 3 түмэн настайн үед, гуравдугаар бурхан Одсүрэн 2 түмэн настайн үед тус тус морилон сургаал номоо айлдаж байжээ. Бидний Багш Шагжамүни хүмүүний нас 100 настай үед заларсан бөгөөд тавдугаар бурхан буюу ирээдүй цагийн Майдар бурхан хүмүүний нас 60 түм болохын цагт Замбуутивд морилон өөрийн сургаалаа айлдан шашин номоо дэлгэрүүлнэ гэдэг.
Өдгөө бидний оршин буй цаг хугацаа болох сайн галавт залрах 1000 бурхан тоолшгүй олон галвын тэртээ Түүнчлэн ирсэн Ринчэннямбуу бурхны өмнө анх бодь сэтгэлийг үүсгэсэн түүхтэй. Тэр цагт Ринчэннямбуу бурхан ”Ирээдүйд сайн галав хэмээх гарах үед та нар бүгд дараалан заларч амьтны тусыг үйлднэ. Тиймээс хэн хэдүйд залрахыг сонгоорой” хэмээн эшийг үзүүлсэнд бусад бодьсадва нар өөр өөрсдийн залрах цагийг сонгон авахдаа хүний нас 100 хүртэл доройтсон 5 цөвүүн бүрдсэн машид номхотгоход бэрхтэй нэгэн цаг түүнийг хэн ч цохлон авч зүрхлэхгүй байсныг Бурхан багш Шагжамүни урд төрлийн бодьсадва нигүүлсэнгүй сэтгэл маш ихээр төрж. “Би тэр үед бурхны зохиолыг үзүүлж тэдгээр амьтдыг боловсруулан гэтэлгэж үйлдье” хэмээн чин зоригийг үүсгэн тангараг тавьсанд Түүнчлэн ирсэн Ринчэннямбуу бурхан бээр “Бусад бодьсадва нар бээр эгэл цэцэг мэт бодьсадва байна, харин та болвоос цагаан лянхуа мэт бодьсадва байна хэмээн машид ихээр сайшаан магтжээ. Арван зүгийн бурхад бээр ч агуу ихээр магтан зохиосон хэмээн ганжуурт номлосон байдаг. Бидний багш бурхан Шагжамүни тийнхүү хүний нас охор богино, номхотгохуйяа бэрх 5 цөвүүн бадарсан энэхүү замбуутивд энэрэл нигүүлслийн сэтгэлээр эх болсон хамаг амьтны тусын тулд бодь модны дор очирт сууринд суун 35 насандаа төгс гэгээрлийн хутгийг олжээ. Бурхан багш нирваан дүр үзүүлэх хүртлээ 45 жилийн турш сургаал номоо дэлгэрүүлэн 3 удаа их номын хүрдийг эргүүлэн зохиосон. Наян насандаа олон шавь нараараа хүрээлүүлэн Гүшинагар буюу Зачогдан хэмээх газар сургаал номоо айлдсаар нирваан дүр үзүүлжээ.
Авралын орон бурхан багш анх бодийн дээд сэтгэлийг үүсгээд завсарт агуу их буяныг хураагаад эцэст илтэд туулсан бурхны хутгийг олсон байдаг. Бурхан багшийн намтар, үйлс санаанд багтамгүй боловч эртний мэргэд түүнийг машид товч хурааж арван хоёр зохионгуй болгон өгүүлсэн байдаг билээ. Бурхан багшийн намтар дэлгэрэнгүй, дунд, хураангуй олон янз буй бөгөөд энд машид товчоор үзүүлвээс:
1. Түшита орноос Замбуутивд заларсан нь:
Бурхан багш урьдын ерөөлийн хүчээр Түшита (Төгс Баясгалант) тэнгэрийн оронд төрж бодьсадвын дүрээр тэнгэр нарын тусыг хэмжээлшгүй бүтээж байгаад “Би Замбутивд залрах цаг болсон бөгөөд Майдар бээр та нарт намайг орлон дээдийн номыг айлдана” хэмээгээд өөрийн титэм чимгийг Майдарын тэргүүнд өргөөд ийнхүү Замбутивд залрахаар болжээ.
2. Эхийн хэвлийд оршсон нь:
Энэтхэгийн Шагжа овгийн хаан Шудхаданагийн хатан Махамаяа бээр нэгэн өдөр “Гэрлийн гилбэлгээн дунд үүл хөлөглөсөн зургаан соёот заан буун ирж хэвлийд шингэлээ” хэмээн сонин зүүд зүүдэлжээ. Тэр цагт элдэв янзын гайхамшигт шинж тэмдэг гарч Махамаяа хатан хөл хүнд болсон аж.
3. Эхээс мэндэлсэн нь:
Бурхан багш хатан эхийн хэвлийд бойжин ертөнцөд мэндлэх болмогц Махамаяа хатан төрхөмдөө очиж амарждаг заншлын дагуу хаан эцгийн гэрийн зүг хөдлөв. Зам зуураа Лүмбинийн цэцэрлэгт саатан амсхийн Болгаша модны мөчрөөс барин зогсох агшинд хүү эхээс мэндлээд дөрвөн зүгтээ долоо, долоо алхваас гишгэсэн газар бүрээс нь лянхуа цэцэг ургасан ажээ. Мөн хүүг мэндэлмэгц цэцгэн хур буух, гэрэл цацрах гэх мэт өлзийт сайн шинж тэмдэг олноо гарсан гэдэг. Энэ үед ер бусын хөвгүүн мэндэлснийг ууланд даяанчилж байсан мэргэн даяанч Асита зөн билгээрээ мэдэрч, уулнаас бууж ордонд морилон хүү түүний шинж төрхийг хараад тэрээр “Хүү тань төрийг барих аваас Чакраварти (Хүрдэн эргүүлэгч) хаан болно. Хэрэв тойн болвоос Үнэхээр туулсан бурхан (Төгс гэгээрсэн бурхан) болно” хэмээв. Даяанч Асита хэдийгээр бурхан мэндэлснийг харсан боловч ном сургаалыг нь сонсож чадахгүйгээ мэдэж харамсан уйлсан гэдэг. Хаан эцэг хөвгүүндээ Сиддхарта (Тус бүтээгч) хэмээх нэр хайрлав.
4. Урлахуй ухаанд мэргэжсэн нь:
Сиддхарта бага балчир наснаасаа цэргийн урлаг, утга зохиол, хэл бичиг, тоо бодлого зэрэг олон эрдэм ухаанд суралцаж төгс гарамгай эзэмшсэн байна. Ингэж эрдэм мэдлэгээрээ ордон төдийгүй улс орон даяар алдаршин, хэнтэй ч зүйрлэшгүй нэгэн болсон ажгуу.
5. Хатан нөхдийг баясган цэнгэсэн нь:
Хан хөвгүүн өсөж арван зургаан нас хүрэхэд хаан эцэг Шудхадана хүүдээ хатан авч өгч өөрийн хаан ширээг залгамжлуулахаар шамдан ятгаж, улс орны хамгийн гоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүдийг цуглуулж тэр дундаас Супрабудда хааны охин Ясодхара гэгч бүсгүйг сонгов. Ясодхара гоо үзэсгэлэнт дүртэй, оюун ухаан төгс, журмыг сахисан шударга номын явдалт нэгэн байв. Хаан эцэг тэднийг гэрлүүлж, тансаг хурим хийлгүүлж, гоёмсог орд харшид элбэг хангалуун амьдралд умбуулжээ. Эцгийн санаа амарч, Сиддхартаг хаан төрийг залгамжилна гэдэгт итгэж байв.
6. Гэрээс гарч тойн болсон нь:
Сиддхарта хөвгүүн 29 насыг хүртэл ордны язгууртны тансаг амьдралаар өнгөрүүлэв. Эцэг нь хүүгээ даяанчийн замыг сонгохоос сэргийлж, энэ хугацаанд эгэл жирийн эрээн бараан амьдралтай хутгалдуулалгүй хол хөндий байлгав. Сиддхарта хэдийгээр тансаг сайхан амьдралд умбаж байсан ч хэзээ ч жинхэнэ аз жаргалтай байсангүй. Жаргал гэдгийг өнгөцхөн зүйл гэдгийг ойлгож байв. Тэрээр нэгэн удаа хотоос гадагш заларч яваад хотын дөрвөн зүгт эмгэг өвчтэй хүн, өтөлж хөгширсөн хүн, дамнуургатай үхсэн хүн, ариун явдалт хуврагийг харж болгоогоод орчлонгийн жинхэнэ жам ёсыг ухаарч, түүнд хуврагын зам таалагдан хуврага болохын мөрөөдөлд автсан аж. Ингээд Сиддхарта 29 насандаа нэгэн шөнө гэрийнхнийгээ унтаж байхад нь чимээгүй салах ёс үйлдээд ордноос зугтан гарч энгийн даяанч хуврагын амьдралыг сонгожээ.
7. Хатуужлыг амссан нь:
Хаан эцэг нь хүүгээ тэнэмэл даяанчийн байдлаар цор ганцаар хэсүүчлэн явааг сонсоод түүнд бараа бологчоор 500 хүн явуулсан боловч тэднээс дөнгөж таван хүнийг үлдээгээд бусдыг буцаажээ. Гэрээ орхин үнэнийг эрэн хайгч бодьсадва тэрээр 5 нөхдийн хамт Ниранзана мөрний хөвөөнд зургаан жилийн турш хатуужлын даяаныг бясалган үйлдэв. Энэ хугацаанд цөөн тооны будаа, балга усаар амь зогоон, бусад хоол хүнсийг тэвчсэн тул биеийн өнгө нь хар болж машид турж хатсан аж. Ингэж бие махбодын хатуужил амсан эдэлсэн төдийгөөр туулсан бурхны хутагт хүрнэ гэдэг бүтэхгүй юм байна хэмээгээд даяан бясалгалаа зогсоожээ.
8. Бодь модны дэргэд заларсан нь:
Бодьсадва тэрээр угаал үйлдэж, тариачны охин Сужатагийн гараас шимт тараг зооглон хүч тэнхээ орж, өнгө зүс сэргэн улмаар Ниранзана мөрнийг гаталж, Бодьгаяа (Очирт суурин) уруу залрав. Тэрээр Бодьгаяад ирээд бодь модыг гурвантаа эргэн үйлдээд, түүний дор өвсний наймаачнаас авсан боодол гүши өвсөөр суудал засан очир завилгаагаар суун биеэ цэгц сунгаж, ухаан бодлоо саруул тунгалаг болгов. Тэрээр “Бие минь хатаж ч болох, яс мах минь үйрч эвдэрч болох болсон ч олоход бэрх бурхан бодийг олох хүртэл энэ сууринаас үл босно” хэмээн тангараглан гүн бясалгалд оров.
9. Шуламсын аймгийг дарсан нь:
Бодь модны дэргэд бясалгаж буй тойныг шуламсууд олж мэдээд түүний бясалгалд саад тотгор болохын тулд гоо охид эмсийн дүрд хувилан хуурах, үзэшгүй аймшгийн муухай дүрд хувилж айлгах, сум харваж, жад шидэн илд мэсний мөндөр буулгаж хорлохыг оролдсон ч бодьсадва тэдний өөдөөс асрал, энэрлийн сэтгэлийг бясалган ялан дийлсэн гэдэг.
10. Туулсан бурханы хутгийг олсон нь:
Ийнхүү Бодьсадва шуламсын аймгийг дараад 35 нас сүүдэртэйгээ зуны тэргүүн сарын шинийн арван тавны үүрээр Очир мэтийн даяанд шүтэж Бодьгаяад бодь модны дэргэд үнэнийг таньж, төгс гэгээрсэн бурхны хутгийг олжээ. Үүнээс хойш түүнийг Будда буюу Бурхан багш хэмээн дуудах болов.
11. Номын хүрдийг эргүүлсэн нь:
Бодьсадваг бурхны хутгийг олсныг Эсүрва тэнгэр мэдээд бурханд очиж “Энэ ертөнцийн хүмүүс, амьтдын сэтгэл догширч дийлдэшгүй хэрцгий болов. Иймд та ариун сургаал номлолоо айлдан соёрх” хэмээн сануулав. Ингээд Бурхан багш бээр сургаалыг хүлээн авч чадах сав болж боловсорсон таван даяанчид (өмнө хамт даяан хийж байсан хүмүүс) уулзахаар Бодьгаяагаас Варанаси хот уруу залрав. Хотын ойролцоох Арш унасан гөрөөсний ойд тэдэнтэй учирчээ. Ингээд Бурхан багш таван даяанчид анхны алдарт “Хутагтын дөрвөн үнэн”-ий сургаалаа айлдсан юм. Улмаар дунд номын хүрд буюу “Хоосон чанар”-ын сургаалаа Ражгирын Гритра гутади (Тас цогцолсон) ууланд, сүүлчийн номын хүрд буюу “Сайтар ялгал”-ын сургаалаа Вайшалид (уужимт) тус тус айлдсан билээ. Энэ мэт Бурхан багш наян нэгэн сүүдрийг зооглотол тасралтгүй ном сургаалаа айлдсаар тоо томшгүй олон шавь нарыг гэгээрлийн мөрд хөтөлсөн юм.
12. Нирваан дүр үзүүлсэн нь:
Бурхан багш 46 жилийн турш ном сургаалаа айлдан наян нэгэн сүүдэрт хүрч, шавь нарынхаа хамт умар зүгт заларч Капилавастугаас холгүй орших Кушинагар тосгоны Сала нэрт хоёр модны хооронд саатан морилов. Тэрээр шавь нартаа сүүлчийн сургаалаа айлдаад тэргүүнээ умар зүгт хандуулан арслангийн хэвтэрээр хэвтээд нирвааныг үзүүлжээ.
Ийнхүү Бурхан багш нирваан дүрийг үзүүлснээс хойш өнөөдрийг хүртэл түүний үүсгэсэн шашин дэлхийн олон улс оронд дэлгэрч, олон зуун сая хүн шүтэн биширч, гэгээрлийн замд хөтөлсөөр байгаа билээ. Бурхан багш “Хэрэв та нар надтай уулзахыг хүсвэл миний сургаал номлолыг судал” хэмээн гэрээслэн захисан ажгуу.
Comments
Post a Comment