ЭРЛЭГ НОМУН ХААН


Арван их догшдын нэг болох Тангарагтан Эрлэг Номун хаан Галаруба нь Богд Зонхавын гол сахиус бөгөөд Цогт Ямандаг бурхны зарлигийг биелүүлэгч сахиус юм. Тэрбээр бараан өнгийн лагшин, гурван ертөнцийг нэвт харан болгоох чадал бүхий хурц мэлмийтэй. Амаа ихэд ангайн дөрвөн хурц соёо ярзайсан, хэл нь хуйларч, хөмсөг ба сахлаас нь галын оч бадарсан, үс нь дээш боссон, эвэр нь сэрийсэн махэ тэргүүнтэй, баруун мутартаа гавалт муна, зүүн мутартаа цалам барьж сүр жавхлант аймшигт догшин бухын сэрвээн дээр гишгэсэн байдалтайгаар бирдийн гучин зургаан язгуур элдэв нөхөд, зарц, бараа бологчдоор хүрээлүүлэн орших ба хатан Замүнди нь адууны нойтон арьс нөмөрсөн, дэлэн хөхөө унжуулсан, зүүн мутартаа гавал, баруун мутартаа сэрээ барьсан агаад Эрлэг номун хаан уруу тэмүүлэн оршдог.


Эрлэг номун хаан нь толь барьж суугаад үнэн худал, буян нүглийг шүүдэг тамын хаан бөгөөд Бурхны өмнө бодисадын тангараг авсан тул "Тангарагт хаан" гэнэ. Номун хаан Галаруба сахиус гадаад, дотоод, нууц гэсэн гурван лагшин дүртэй байдаг.

Монгол сүм хийдүүд олон зуун жилийн турш сар бүрийн хуучдын 29-нд Галаруба сахиусыг урин залж тахилга зан үйл үйлдэн нутаг усныхан болон нийт ард түмнийхээ нас буян, эрүүл мэнд, ажил үйлс, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг даатган, гадна дотнын элдэв саад тотгороос сахин хамгаалахыг гуйн залбирч иржээ. Эрлэг номун хаан Галаруба сахиусыг тахин шүтвээс дотоод сэтгэлийн хорыг амарлиулах ба ертөнцийн элдэв муу хорлол, хортон дайсан, өвчин зовлон, гай тотгор, ад чөтгөр, албин зэргийн аюулаас сахин хамгаалж, дөрвөн их үйлсийг хамгаална гэж үздэг.

Дөрвөн үйлс нь:
1. Элдэв өвчин зовлон, саад тотгор, муу муухай бүхнийг амарлиулах үйлс.
2. Нас буян хишиг, эд баялаг, эрдэм мэдлэг зэрэг сайн сайхан бүхнийг арвидуулах буюу дэлгэрүүлэх үйлс.
3. Эд таваар, зөв тойрон хүрээлэл зэргийг хураах, амжилт гарах, эрх мэдлийг нэмэгдүүлэх гэх мэт эрхэнд хураах үйлс.
4. Дайсан, ад тотгор, хүн бусын элдэв хорлол, хэл ам, хараал жатга болон элдэв бузрыг дарах хатуу үйлс эдгээр болой.






Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ