ШАНТИДЭВА (SHANTIDEVA)


Их бандида Шантидэва нь 685-763он хутагтын орны Гэви Гочоо хэмээх нэгэн хааны хүү болон мэндэлжээ. Хаан эцэг нь таалал төгсөж албат иргэд нь түүнийг хаан ширээнд залгамжлахыг хүссэн ч зүүдэнд нь Манзушри бурхан саатаж эш үзүүлснийг сэтгэж хаан төрийг барих нь өөрт зохисгүй юмуу хэмээгээд ордноос явжээ. Ордноос явсаар ойн гүнд суух нэгэн Егүзэрт бараалхан их хөлгөний ном увдис олныг хүртэн нэн ялангуяа агуу бодийн сэтгэлийг онцгойлон энхрийлэн бясалгасан байна. Мөн Их бандида нь Наландарын их сургуульд морилон Бандида Раажадэвэ багшаас сахил хүртэн гурван аймаг савын номд суралцан мэргэдийн туйлд хүрчээ. Ялангуяа Манзушри бурхнаас ном эрдэм шууд сонсон судар тарни увдис олныг хүртсэн. Гэвч тэр бээр дотроо эрдмийн туйл болсон ч гаднаа үргэлжид хоолыг хайгч, Өдөр шөнөгүй хэвтэн залхуурах, өтгөн шингэн мөр үзэхээс бусдаар сонсон суралцахуйд хойрго тул бусад лам эрдэмтэд түүнийг Бүсүгү буюу гурван явдлаас өөрийг үл үйлдэгч хэмээн хочлон дуудаж энэ мэтийн хуврагхуу нь бидний дунд ийн суух нь зохисгүй хэмээлдэн үргэлж хөөн явуулахыг хичээвч хааны хөвгүүн тул ширүүн хөөж болохгүй байжээ. Нэгэн удаа хуврагууд Бүсүгү-гээр судар уншуулъя, уншиж эс чадваас явуулсугай хэмээн зөвшилцөж Бүсүгүд тулган өгүүлэв. Гэгээн бээр би яахан чадах вэ хэмээн цааргалахад, дахин дахин шаардаж өндөр суудал засан судар уншуулахаар болов. Тэдгээр ч Бүсүгү нь айлдах ном байхгүй хэмээн шоолон байтал Гэгээнтэн өндөр ширээнд гар дарах төдийд өндөр ширээ нь намсан ирсэнд бүгд гайхав. Ингээд ширээний дээр залран” Урьд гарсан номыг унших уу, урьд эс гарсныг унших уу” хэмээхэд бүгд урьд уншаагүйг айлд хэмээдэхүйд, Гэгээн бээр “Бодь садын явдалд орохуй” хэмээх алдарт номоо айлдсанаар нисэн одсон гэдэг. Гэгээнтнийг ийн одсоны хойноос гурван бандида очиж буцан залрахыг айлтгасан хэдий ч эс зөвшөөрөн миний сууж байсан байшингийн тотгоны завсарт бандида нарын үсгээр бичсэн “Хотол судрын хураангуй” хэмээх ном буй түүнийг үз хэмээгээд эс буцав. Үүнээс хойш Шантидэва гэгээн өөрийн эрхээр хамаг амьтны тусад рид хувилгаан эрдэм үйлсийг үйлдсэнээр зуун насны сүүдэр зооглосон гэдэг. Шантидэва гэгээн нь эрхэм зарлиг бүгдийн тааллыг төгс гүйцэд ухаарсан, Ямагт бусдын сайн сайхан тус амгаланг эрхэмлэгч, ялангуяа ханьцашгүй Егүзэрийн үүднээс их хөлгөний мөрийг төгс зохиогч болой.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ