ЦОГТ ОХИН ТЭНГЭР БАЛДАН ЛХАМ

Цогт охин тэнгэр нь Шридеви / Shrivevi/ нь Эгшгийн охин тэнгэр гэгдэх Сарасвати /Sarasvati/ бурхны догшин дүр бөгөөд бурхны шашныг тэтгэн сахих арван догшдын нэг юм. Шридеви сахиус нь хэдий дээд амарлихуйг олсон ч өвчин зовлон, саад тотдор, зэрэг элдэв муу муухайг амарлиулж, догшин чөтгөр шулам, хараал чатга зэргийг даран номхруулахын тулд ертөнцөд маш догшин ширүүн дүртэйгээр залардаг.
Түүний төрх байдал нь хар хөх эм мангасын дүртэй, баруун мутартаа очирт бэрээ далайж, зүүн мутартаа нал эрдэнийн гавал барьсан. Амаа ангайлган дөрвөн соёгоо ярзайлгаж, хэлээ нугалан, хурц гурван мэлмийгээр ширүүн ширтэж, таван хохимойт титэм болон тавин гавал эрих зүүн, баруун сонороо арслан, зүүн сонороо могойн чимгээр тус тус чимсэн. Барын арьсан хормогч өмсөж, арьс болон торгон нөмрөг нөмөрч, хонгор халзан луус хөлөглөн аймшигт догшин нөхдөөр хүрээлүүлэн заларч буй.
Монгол сүм хийдүүд олон зуун жилийн турш сар бүрийн хуучдын 29-нд Шридеви сахиусыг урин залж тахилга зан үйл үйлдэн нутаг усныхан болон нийт ард түмнийхээ нас буян, эрүүл мэнд, ажил үйлс, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг даатган, гадна дотны саад тотгороос сахин хамгаалахыг гуйн залбирч иржээ.
Шридеви сахиус нь жил бүрийн цагаан сарын өмнөх битүүний шөнө айл бүрээр айлчлан заларч, өвчин зовлон, саад тотгорыг амарлиулж, нас буяныг дэлгэрүүлж, эрхшээх үйлсийг бүтээж, буцдаг ба түүний хонгор халзан луус хөлөг нь нэгэн агшинд гурван мянган ертөнцийг эргэх шидтэй гэж үздэг. Тиймээс түүний хонгор халзан луус хөлөгт унд тахил, бие, хэл, сэтгэлийн өргөл болгож айл өрх бүр гэрийн тотгон дээрээ гурван ширхэг мөс тавьдаг уламжлалтай ба энэ нь мөн гарч буй шинэ оноо өвчин зовлон, саад тотгоргүй угтахын бэлгэдэл болдог.
Цогт охин тэнгэр Шридеви сахиусыг тахин шүтвээс дотоод сэтгэлийн амарлиулах ба ертөнцийн элдэв муу муухай хорлол, хортон дайсан, өвчин зовлон, гай тотгор, ад чөтгөр, албин зэргийн аюулаас сахин хамгаалж, дөрвөн их үйлсийг бүтээх бөгөөд эцэс хойдод сайн мөрийг олог хүртэл сахин хамгаална гэж үздэг.
Дөрвөн үйлс нь:
1. Элдэв өвчин зовлон, саад тотгор, муу муухай бүхнийг амарлиулах үйлс.
2. Нас буян хишиг, эд баялаг, эрдэм мэдлэг зэрэг сайн сайхан бүхнийг арвидуулах буюу дэлгэрүүлэх үйлс.
3. Эд таваар, зөв тойрон хүрээлэл зэргийг хураах, амжилт гарах, эрх мэдлийг нэмэгдүүлэх гэх мэт эрхэнд хураах үйлс.
4. Дайсан, ад тотгор, хүн бусын элдэв хорлол, хэл ам, хараал жатга болон элдэв бузрыг дарах хатуу үйлс эдгээр болой.
Comments
Post a Comment