XIV ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ


Арван дөрөвдүгээр Далай лам Данзанжамц Амдо нутгийн Гүмбүм хийдийн ойролцоох Дагцэр гэдэг газар 1935 оны 7 сарын 6-нд эцэг Чойжинцэрэн эх Содномцоо хоёрын гэрт мэндэлсэн байна. Далай ламыг тодруулдаг уламжлал ёсоор тэр үед Далай ламын тамгыг хамаарч байсан Раадэн хутагт тэргүүтэй Далай ламыг тодруулах хэсэг ажилдаа орж Лхамын-Ла-Цо хэмээх нуурыг шинжихэд Төвдийн А, Га, Ма үсэг урган гарч

А үсэг нь Амдоо, Га үсэг нь Гүмбүм хийд, Ма үсэг нь Гамагүнцэн хийдүүдийн нэр болох нь нотлогдон тодруулах хэсгийнхэн Амдоод ирж хүүг эрэн олоод урьдах арван гуравдугаар Далай ламын эдэлж байсан таван зүйлийг эндүүрэл үгүй таньсан байна.

Ийнхүү тодрон 1940 онд Лхасын Бодола ордонд Далай ламыг алтан ширээнд өргөмжилж өлмий бат орших Мандал сэлтийг өргөжээ. Зургаан наснаасаа эхлэн Төвд бичиг, уншлага зэрэг ном эрдэмд суралцан арван хоёр наснаасаа Чойрын гүн ухааныг судалж эхэлжээ. 1950 онд Төвдийн шашин төрийг баригч хослон барих хаан болжээ. Олон багш нарыг шүтэн судар тарнийн гүн ухаан болон олон Бурхдын авшиг увдисыг бүрэн төгс хүртсэн байна. 1959 онд 25 насандаа Бурхны шашны гүн ухааны дээд мяндаг цол болох Лхаарамбын дамжааг хамгаалсан байна. 1959 онд Энэтхэгт цагаачлан суух болсноор хойш Дэлхийн олон оронд Бурхны шашныг дэлгэрүүлсэн юм. Далай ламд Дэлхийн энх тайвны хөдөлгөөнд оруулсан гавьяаг үнэлж 1989 оны 12 сарын 5-нд Дэлхийн улс түмний энх тайвны Нобелийн шагнал гардуулсан юм. Монголын ард түмний заяа буян, Дээдэс багш нарын таалал хослон 1979 оноос анхлан манай оронд морилон ирж номлол сургаалаа айлдаж Бурхны олон авшиг хүртээсэн билээ. Мөн одоог хүртэл нийт сүсэгтэн олон болон нийт шавь нартаа өөрийн морилон буй Энэтхэг оронд байнгын номын рашаанаар цэнгүүлэн зохиосоор байна.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ