ЯМАНДАГА (YAMANTAKA)
Ямандаг бурхан нь хар хөх лагшинтай, есөн тэргүүнтэй, гучин дөрвөн мутартай арван зургаан өлмийтэй, баруун талын найман өлмийгөө гадагш жийсэн, зүүн талын найман өлмийгөөгадагш жийсэн байдлаар өмнөө дагина Доржролонмааг тэвэрч босоо дүртэйгээр наран дэвсгэрт бадамлянхуа дээр оршино. Төрх байдлыг нь ерөнхийд нь дэлгэрүүлэн тодорхойлохаваас гурван ертөнцийг агшин зуур туулах ба амаа ангайж, хэл нь хуйларч унжсан, дөрвөн соёо болон шүднүүд нь маш хурц, нүүр царай нь сүртэй догшин, хөмсөг бас сахлаас нь гал бадарсан, гэзэг үс нь дээшээ сэгсийн боссон, ертөнцийн ба ертөнцөөс гэтэлсэн сахиус, тэнгэр нугуудыг айлган, заналга үйлдсэн, хортныг хараад хөнөөн тонилгох чадалтай хүчит дуугаар даргилан дуугарч, ердийн үедээ өөрийн язгуур үсэг болох "хум" болой.
Өмнөө дагина Доржролонмааг тэвэрсэн байдлаар орших бөгөөд энэхүү дагина нь нууц тарнийн хум (бам) хөрөнгө үсэгнээс үүсч бий болсон эх бурхан юм. Биеийн өнгө зарим ёсонд хөх цэнхэр зарим ёсонд улаан байна. Эцэг бурханаас биеэр бага, догшин, нүцгэн, эм дүртэй, нэг нүүртэй, хоёр мутартай, баруун мутартаа таван үзүүрт очирт иштэй дэгүг, зүүн мутраараа цустай гавал барьж, эцэг бурханы хүзүүний баруун талаас тэвэрсэн байна. Түүний тэргүүнийх нь чимэглэл хуурай цагаан таван гавалтай, хүний ясан хорол ээмэг, хоолойвч, бугуйвч, бүс болон таван ясан хөлөл зэрэг байна. Баруун хөлөө эцгийн зүүн хөлийн хамт жийсэн, зүүн хөлөө эцгийн баруун хөлний дээд хэсгээр ороож тэвэрсэн байна.
Comments
Post a Comment