1000 МУТАРТ ЖАНРАЙСИГ БУРХАН

Жанрайсиг бурханы тус эрдэм
Бурхан багшийн энэрэн нигүүлсэхүйгээр амьтныг тэтгэж алив амьтны жаргалд харшлах шалтгаан бүхийг арилган, ариун бус, өвчин турхан, гай зовлон, нүгэл хилэнц, оюун ухааны хир, нүдний гэм бүхнийг ариусгах, эв зохисыг олох, буян хишиг дэлгэрүүлэх, онол сургаалын эрдэм бүхнээр гийгүүлэн, ариун бүхний шимийн дээд утгыг мэдүүлэн, шид бүтээлийг үүсгэхэд үтэр түргэн туслахын тангарагийг сахигч нь Жанрайсиг бурхан юм. Жанрайсиг бурхан гурван цагийн хамаг тэгүнчлэн ирэгсэд бүгдийн нигүүлсэнгүй дүрсэнд ургасан лагшин агаад амьтны тусыг үйлдэхийн тул амарлиулах, дэлгэрүүлэх, эрхэнд хураах, хатуу үйлийг бүтээдэг.
Нэгэн домогт, Жанрайсиг бурхан хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангарагласан тул хичнээн чармайн зүтгэвч зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр байсаар байжээ. Тэдгээр олон амьтны зовлонг гэтэлгэх гэж, аврал эрсэн амьтан бүрт хүрч туслах гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагдан, хоёр мутар нь хэдэн хэсэг болж салжээ. Амитаба бурхан эл байдлыг үзээд зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрлажээ хэмээдэг. Тийм учраас Жанрайсиг бурханыг “найман аюулаас аврагч”, “дөрвөн аюулаас аврагч” гэх мэтээр нэрлэж найман мутар, дөрвөн мутар зэрэгтэйгээр дүрсэлдэг. Жанрайсиг бурхан нь хүмүүний мэлмийг сайжруулагч бурхан бөгөөд эх болсон зургаан зүйлийн амьтан ямар нь яаж зовж байгааг өөрийн мэлмийгээрээ үргэлжид болгоон байдаг хэмээн ярилцдаг. Жанрайсиг бурханы зүрхэн тарни бол маанийн зургаан үсэг буюу “Ум ма ни бад мэ хум” юм.
Дөрвөн үйлс нь:
1. Элдэв өвчин зовлон, саад тотгор, муу муухай бүхнийг амарлиулах
2. Нас, буян хишиг, эд баялаг, эрдэм мэдлэг зэрэг сайн сайхан бүхнийг арвидуулах буюу дэлгэрүүлэх үйлс.
3. Эд таваар, зөв тойрон хүрээлэл зэргийг хураах, амжилт гаргах, эрх мэдлийг нэмэгдүүлэх гэх мэт эрхэнд хураах үйлс.
4. Дайсан тотгор, хэл ам болон элдэв бузар муу муухайг дарах хатуу үйлс эдээр юм.
Comments
Post a Comment