ЗУРГААН МУТАРТ МАХГАЛ

ЗУРГААН МУТАРТ МАХГАЛ (МАНАКАLA) САХИУСНЫ ТАЛААР ТОВЧ ТАЙЛБАР
Арьяабал (Avalokiteshvara) бурхны нэгэн дүр бөгөөд номыг бүтээгч, буянд шамдагч хэн бүхнийг харшлах шалтгаан бүхнээс хамгаалж, зохилдох шалтгаан бүхнийг бүтээх тангарагтай бурхны шашны гол сахиуснуудын нэг юм.
Махгал сахиусанд залбирч, тахил магтаал өргөснөөр хүн болон хүн бусын хорлол, уур болон бусад нисваанист сэтгэл тэргүүтэй гадаад, дотоод саад тотгор бүхэн амарлих, нас буян батжин арвидах тэргүүтэй ач тус хязгааргүй болой.
Өндөр гэгээн Занабазар өөрийн анхны байгуулсан Ганданшадүвлин (Одоогийн Баруун хүрээ буюу Шанхын хийд) хийдийнхээ гол сахиусаар Махгал сахиусыг залсан байдаг.
Мөн Банчэн богдоос Махгалын жинан хүртээд Дүвхан (Бүтээлийн сум, Төвхөн хийд) хийддээ махгалын бүтээл бясалгалд суух үед хадан дээр нэгэн мод ургасныг сүсэгтэн олон "Махгалын мод" хэмээн сүсэглэн мөргөж хүндлэн дээдэлсээр ирсэн түүхтэй. Тийм болохоор ялангуяа монголчууд бидний хувьд чухал шүтээн сахиус юм.
Махгал сахиус нь цүдгэр хэвлийтэй, хурц сэргэр дөрвөн соёотой, улаа бутарсан гурван мэлмийтэй, сахал, үс, хөмсөг зэргээс нь гал мэт оч бадарч, баруун гурван мутартаа хохимой толгойн эрих, очирт бөгтөр хутга, дамар барих ба зүүн гурван мутартаа цус дүүрэн гавал, гурван үзүүрт очирт шад, цалам барьсан байдаг. Мөн хорт могойгоор үсээ зангидан боосон байх бөгөөд тэргүүн болоод хүзүү. бэлхүүс зэргээ хорт могойгоор чимж, зааны арьсан нөмрөг нөмөрч, 50 нүгэлтний нойтон толгойгоор эрих хэлхэн лагшиндаа өлгөж, зүүн хөлөө гадагш жийж, баруун хөлөө дотогш нугалан, орой дээрээ язгуурын бурхан Агшобайг (Akshobya) залж, хөл доороо Ганеш (Ganesha) тэнгэрийг гишгэсэн байдалтайгаар бадарсан билгүүний их галын дунд саран мандалт цацаргин дэвсгэр дээр заларна.
Махгал сахиус нь олон дүрээр дүрслэгддэгээс манай оронд зургаан мутартай дүр нь өргөн дэлгэр тархсан байдаг ба энэхүү сахиусыг монгол сүм хийдүүд билгийн тооллын сар бүрийн 29нд урин залж, тахилгын зан үйл үйлдэн, нутаг усныхан болон нийт ард түмнийхээ нас буян, эрүүл мэнд, ажил үйлс, сайн сайхан бүхнийг нь даатгах бөгөөд улс орон, нийт ард иргэдийг гадна дотнын саад тотгор бүхнээс сахин хамгаалахыг гуйн залбирдаг заншил уламжлалтай билээ.
Comments
Post a Comment