ОТОЧ МАНАЛ

Анагаагч бурхан бөгөөд монголоор Оточ хэмээн нэрлэх нь буй. Бурхан буддаг төв дунд нь залаад, найман Манла бурханаар тойруулан дүрсэлж “Оточ найман Манал” гэж нэрлэх нь бий. Хүн төрөлхтөнд учирдаг 404 төрлийн өвчин эмгэгийг засаж эмчилдэг бурхан юм. Аливаа амьтан хүмүүн урьд болон энэ насандаа мунхаг харанхуй явж, нүгэл хилэнц үйлдсэний эрхээр хийсэн муу үйлийн үр нь боловсорч, элдэв зүйлийн өвчнөөр өвчилж, янз бүрийн хараалт хорлолд нэрвэгдэн зовдог байна. Хэн боловч урьд болон энэ насандаа хийсэн нүгэл хилэнцээ наманчлан арилгаж, буяныг ихээр үйлдэн, бурханы алдрыг дуурсган олон дахин сүсэглэн биширч, залбирал үйлдэн, тахил өргөж, хүндлэл үзүүлэх аваас элдэв зовлонгоос хагацаж бурханы хутгийг олох хүртэл бие эрхтэн нь бүрэн бүтэн байх болно хэмээн сургадаг. Оточ Манал бурханы лагшинг хөх өнгөөр дүрсэлж, бурхан багшийн адил овоодой үстэй, зүүн мутартаа рашаан бумба барьсан, баруун мутарын алгыг гадагш харуулан лянхуа цэцгийн суудалд хүргэн доош унжуулсан байдалтайгаар дүрсэлдэг.
Оточ Маналын бурхны уншлаг, тахилгыг Түшээт хан Чахундоржийн хүсэлтээр 5-р Далай лам Лувсанжамц бээр 8 Маналд зориулан залбирал, магтаал, ерөөл тэргүүтнийг дэлгэр найруулан зохиосон түүхтэй.
404 төрлийн өвчний язгуур нь:
1. Аяндаа эдгэрдэг 101 төрлийн өвчний язгуур
2. Эмээр эдгэрдэг 101 төрлийн өвчний язгуур
3. Засал номоор эдгэрдэг 101 төрлийн өвчний язгуур
4. Эдгэршгүй 101 төрлийн өвчний язгуур болой
Comments
Post a Comment