ХАЖИД БУРХАН


Бурхны шашны Очирт хөлгөний ёсонд Дорж Налжирмаа буюу Базар-Йогини хэмээн алдаршсан Хажид бурхан нь эдүгээ цөвүүн цагийн гагцхүү аврал юм. Ийн хэмээхийг сурвалж бичигт “… Ядам бурхан бүгдийн хураангуй Базар-Йогини…” гэж номложээ. “Базар Йогини” нэрийн утга нь амгалан хоосны ялгал үгүйн тулд “Базар”, Барилдсаны билгэ дүрсэнд урвасны тулд “Йогини” хэмээн нэрийддэг буй.

Нархажид бурхан улаан лагшинтай, үл мэдэг догшин идэр залуу бүсгүйн дүртэй. Тэргүүндээ хохимой толгойн титэм залж, лагшнаа ясан зүүлт, эрих зүүж, баруун мөр дээрээ даржин дамартай дамар, хадаг унжуулсан хадамгай тавьжээ. Тэрбээр баруун мутартаа очир толгойтой махир хутга барьж, зүүнээрээ гавал аяганаас цус уун, бадам цэцгийн наран мандал дээр хар Бхайрава, улаан Каларатри хэмээх эмс гишгэн зогсоно.

Бадамлянхуа ба нар саран дэвсгэрт баруун хөлөө жийснээр улаан Цагийн бэлгэтийн хөхөн дээрээс дарсан, зүүнээ хумиснаар хар Аюулагчийн тохойг арагш харуулан дарсан нь атаагийн орон магнайн газарт дарсан. Биеийн өнгө улаан галбын гал мэт сүр жавхлантай, нэгэн нүүр, хоёр мутартай, гурван мэлмийгээр ариун Хажидын орныг болгоогсон.
Хоёр үнэнийг таалалдаа багтааснаар хоёр гарын баруунаар очироор бэлгэдсэн бөхөгөр хутгыг урууд сунган барьсан нь омог тэргүүтний орчлонгийн гэм бүгдийг тасдахыг бэлгэдсэн. Хажидын шидийг олохын дохионд зүүнээр цусаар дүүрсэн гавлыг дээд зүгт барьж амаа дээш зүглүүлсэнээр соёрхсон. Зүүн мөрөнд очироор бэлгэдсэн хадамга, дамар, хонх, гурван үзүүрт манжлага намирсанг барьсан. Тэргүүний үс хар, задгайлсанаар бэлхүүсний дээшхийг бүрхсэн идэр залуу хүслийн дэлгэр товгор хөхтэй, амгаланг үүсгэгч байдалтай, таван бэлгэ билгийн эрдэм төгссөний бэлгэдэл хүний хатсан таван толгойн титэмтэй, дотооддоо эгшиг гийгүүлэгч ариуныг бэлэгдсэн тавин хатсан толгойн унжлагатай, бэлгэ билгийн үзэгдлээс бүтсэн үхээрийн үсийг дээслэн сүлжсэн унжлага нь мөрнөөс гуя хүртэл унжсан, нүцгэнээр таван мудрагаар чимсэн, бэлгэ билигийн гал бадарсаны төвд оршвой.

Нархажид бурхныг чин сүсгээр шүтэж, залбирваас эд баялаг үгүйрч хоосрох, нас буян хомсдох, арван зүгийн аливаа хорлол, аюул эндлээс магадтай аврах ач тустай бөгөөд нүгэл хилэнц арилан, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, Хажидын оронд саадгүй төрөхийн нигууртай билээ. Тухайлан шүтсэн хүнээ хэн байх нь хамаагүй лал тэрсүүт байсан ч ганц хүү мэтээ авран хамгаалж таалалдаа багтаана хэмээх ам тангарагтай дагинис бөгөөд түргэн авралтай, ажил үйлсийг түргэн бүтээж ихэд дэлгэрүүлнэ, бусдыг эрхэндээ хураана, цог хийморь бадраах зэрэг агуу их тус эрдэмтэй болой.

Хажид бурхан нь Энэтхэг, Түвд, Монголын эрт эдүгээгийн их шидтэн мэргэн бандида нарын оройдоо залдаг шүтээн, зүрхэндээ залдаг ядам билээ. Гэтэлгэгч эх Хажид бурхны бясалгал дияаныг үйлдэж, түүний гэгээн дүрийг үзсэн шидтэнгүүд олонтаа байдгаас, гол болсон нь Энэтхэгийн шидтэн Индра, Мидра, Нароба нар бөгөөд эдгээр ихэс дээдсийн нэрээр Индра Хажид, Мидра хажид, Наро Хажид буюу “Хажидын гурван аймаг” хэмээн нэрийдэл гарсан байна. Эдгээрийн дотроос Түвд, Монгол, Төв азийн оронд ихэд дэлгэрсэн ёс нь “Наро Хажид”-ийн ёс юм.

Нархажид бурхан нь Энэтхэгийн их бүтээлч Наробагаас уламжилж ирсэн нууц тарнийн ёсны сахиус юм. Их бүтээлч Наробад илтэд харагдсан тул Наробагийн дагина хэмээгдэх болсон билээ. Нархажид сахиус нь нууц тарнийн дээд болох ламид жүд ёсны бясалгалын бурхан ба монголчууд Нархажидыг шүтэн биширч түүнд зориулсан тахил, зан үйлийн ном хурдаг хийдийг тусгайлан байгуулсан байдаг.

Мөн түүнчлэн Богд лам Зонхавагийн их ачлалаар Монгол оронд судар, тарнийн номлол хослон дэлгэрч байсаны дотор Хажид бурхны хурал номын газрууд ч шашин номын үйл ажиллагаагаа явуулж, бясалгал бүтээлийг дэлгэрүүлж байсан байдаг. Богд лам нь бага залуугаасаа Нархажид бурхны бясалгал бүтээлийг чухалчлан үйлдсэнээр, түүний нүүрийг илт үзэж, Хажид бурхнаар хөтлөгдөн шидийг олсон байна. Түүнчлэн Богд Зонхова бээр Хажид гурван аймгийн эрхинийг машид нууцлан, анхааран авч цаашлаад “Эх Йогинийн дандар нэгэн дүнчүүр, зургаан живааг зарлиглан” зохиосон байдаг ажээ.

Машид их адистэдтэй Нархажидын энэхүү 32 үсэгт тарнийг чин сүжиг бишрэлээр өгүүлэн, сэтгэлдээ бясалган уншваас эдүгээ цагийн аюулаас магадтай аврах болно.

Эдүгээ цагийн 5 /цөв/ аюул нь:
1. Цагийн цөв: Дөрвөн улирлын эх адаг солигдон, хур, цасан буухгүй цагтаа бууж, салхи шуурга, ган гачиг ихээр болох. Араатан амьтанд хорлогдох нь ихэсч, элдвийн өвчин ихээр дэлгэрнэ.
2. Насны цөв: Амьтны нас ахар болох, эхийн хэвлийд амьгүй болох, зарим төрмөгцөө үхэх, эдгэхгүй өвчин тусах, гамшиг осолд өртөн бага залуудаа үхэх, насыг жамаараа наслан үхэх нь цөөн болно.

3. Үзлийн цөв: Эцэг эхийн ачийг үл санаж, өргөл хүндлэлийг умартах, үзэл буруудсанаар 3 эрдэнэд үл итгэх /бурхан, ном, хуврага/ үйлийн үр, буян нүгэлд үл итгэх. Өнөө маргаашийн эд эдлэл, алдар нэр олохын тулд юуг ч үл хайрлах тийм цаг болно.

4. Амьтны цөв: Амьтны бие жижигрэх, элдэв муу дүрстэн гарах. Бурхан шашин буяны зүгт үл зорин, аав, ээж, ах дүүтэйгээ үл нийцэн, сэтгэл омогшин ухаан мунхрах болно.

5. Нисваанисийн цөв: Аливаа үйлийг хүсэл шунал, уур, омгоор үйлдэх. Ичгүүр сонжуур үгүй болж, нисваанисаар /хорлох сэтгэлээр/ амьтны сэтгэл эзлэгдэх болно.

Нархажид бурхныг шүтсэний ач тус нэгэнт бидний үед ирчихсэн дээрх цөвүүн цагийн зовлонгоос аврагч цорын ганц аврал нь Нархажид бурхан, Нархажид бурхны чог, лог, бүтээл юм. Нархажид бурхныг чин сүсгээр шүтэж, залбирваас эд баялаг үгүйрч хоосрох, нас буян хомсдох, арван зүгийн аливаа хорлол учрах, ган гачиг, зуд турханд өртөх зэрэг аюул эндлээс магадтай аврах ач тустай.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ