ДҮРТОД ДАГБА (Үхээрийн эзэн)



Дүртоддагва буюу цагаан сахиус. Дүр байдал нь цагаан хохимой ясан биетэй, ясан бэрээ хийгээд бумба барьсан цагаан лавай хийгээд хорлогч нугуудын хүүр дээр заларсан байдалтай.

Зүрхэн тарни:
Ум гиранза гиранза гүма гүма хум ти сухай.

Монголоор Үхээрийн эзэн хэмээх эр, эм Дүртоддагва бурхан нь үхэл хагацал, гэнэтийн аваар осол, хулгай зэлгийг номхотгон дарахын бэлгэдэлтэй ажээ.

Говийн V ноён хутагт Данзанравжаагийн шүтэж байсан Дүртоддагва бурхан нь Буддын шашны нимава буюу улааны урсгалын бурхан бөгөөд араг ясан дүртэй тул “үхээрийн газрын эзэн” хэмээдэг. 
Өөрийн эхнэр буюу “юүм”-ийн хамт эр эмийн үхэл хагацал, гэнэтийн аюул осол, хулгай зэлгийг номхотгон дардаг бурхан ажээ. Дүртоддагва бурханы тухай олон домог түүх бий. 

Урд төрөлдөө бурхан биш айхтар хулгай хийдэг нөхдүүд байсан ба Бурхан багш тэдний хулгай хийхийг нь болиулж ухааруулсан бөгөөд тэд бурхан багшид нүглээ наманчлахын тулд биенийхээ махнаас тасдаж өргөсөөр байгаад махан биегүй болж араг яс нь үлдсэн гэдэг. Ийнхүү өөрсдийн гэмийг ухаарч махан биеэрээ төлөөс хийж нүглээ наманчилсан тэднийг бурхан багш “хулгай зэлгийгээс сэргийлэн хамгаалагч”, “тамын үүдийг сахигч бурхан” болгосон бөгөөд тэд бурхан багшид хулгай худлыг номхотгон дарж байх ам тангараг өргөжээ. 

Өөр нэгэн домогт бол, нэгэн цагт Дүртэддагва өөрийн эхнэрийн хамт амарч тухлан унтаж байх зуур хамаг юмаа хулгайд алдаж, тэр байтугай махан биеэ хүртэл хулгайд алджээ. Тэгээд тэрхүү айхтар шидтэй хулгайчийг дарж хашраасан эрдэм чадлаараа бурханы шидийг олж, хамаг амьтанг хулгай зэлгийд өртөхөөс сэргийлэн хамгаалагч бурхан болсон гэнэ. 

Бас нэгэн домогт, хоёр лам даяан хийж хол зам туулан явж хад агуйгаар бясалгал хийж олон хоног сарыг өнгөрүүлжээ. Гэтэл нэгэн өдөр хамаг хоол хүнсээ хулгайд алджээ. Тэгсэн ч гэсэн даяан бясалгалаа үргэлжлүүлж явсаар нэгэн өдөр өлбөрч үхжээ. Тэгээд хойд төрөлдөө хулгайч нарыг номхотгон дарах догшин дүрт бурхан болж эргэн мэндэлжээ.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ