ДОГДАН РИНБҮЧИ ДАГВАЛУВСАНДАМБИЙЖАЛЦАНГИЙН ТОВЧ НАМТАР

Догдан ринбүчи Дагвалувсандамбийжалцангийн товч намтар


Догдан ринбүчи Дагвалувсандамбийжалцан нь Хоёрдугаар Бурхан Богд Зонховын гэгээний дэргэдийн шавь, бодисадва Шэйравсамбуугийн хувилгаан хэмээн алдаршсан Брагяв Жамъянлодой хэмээх егүзэрва түүний хоёрдугаар дүрийн хувилгаан юм.

Хувилгаан дүрийг анх тодруулсан Жохэ лама ринбүчи Эшэйвандаг хэмээх нь Энэтхэгийн их шидтэн Диловын хувилгаан хэмээн алдаршсан, бодь сэтгэлийн эрхийг олсон тул гөрөөс адгуус араатан алин ч айж халиралгүйгээр ламын дэргэд дахин дахин эргэцэн одохыг шавь нугууд илтэд харсан гайхамшигтай ламтан байжээ.

Брагяв Магон Сисор хэмээх тосгонд 1944 онд мэндэлжээ. Эхээс мэндлэх үед гэрийн ойр газарт маанийн үсэг өөрөө гарсан, төрсний дараа биеийн гадуур цагаан гэрэл хүрээлэн орших тэргүүтэн сонин гайхамшигтай зүйл олон болж байжээ. Урьд дүрийн гэгээн таалал болсоны дараа Жохэ лама ринбүчи бээр Догдан Жамъянлодой Брагяв Сисор луу явсан хэмээн айлдсан байна. Бага байхад нь Сисор Галсанритодын аглаг газар орших урьд дүрийн гэгээний шавь Ринчинчойдаг ламтан бээр хариуцан төвөд үсэг уншлага тэргүүтнийг заан сургажээ. 9 сүүдэр хүрэх үед Төвөдийн төв нутагт заларч Дансачэнбо Балданбрайвүн Лосалин дацанд шавилан сууж ном үзэв. Урьд дүрийн хувилгаантай машид барилдлагатай Жавжэ Дарма Лочэн ринбүчи тэргүүтэй шалгарсан олон багш нарын өлмий шүтэн суралцжээ. Суралцах дашрамдаа Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай багш болон Дээрхийн гэгээний хоёр ёнзин багш тэргүүтэй дээдэс мэргэдээс судар дандарын далай мэт лүн авшиг увидасыг хүртжээ.

1959 онд Дээрхийн гэгээнтэн тэргүүтэн Энэтхэг рүү цагаачлах үед даган гарч Багса хэмээх газарт 10 жил сууж, түүний дараа үеэс Өмнөд Энэтхэгт их дацангууд суурьших үед цаг агаарын халуун хүйтэн тэргүүтэй олон бэрхшээлийг туулан гүн ухааны 5 ботийг судлан, лхаарамбын шалгалтыг 7 жил өгч 1981 онд лхаарамбын дамжаа барьжээ. Лхаарамба болсон жилийнхээ өвлийн сараас эхлэн хэдэн жилийн хугацаанд Дээрхийн гэгээн Далай багшийн зарлиг айлдвар, сүсэгтэн олны хүсэлтээр Хималайн язгуурын нутаг Биди, Ладак тэргүүтэнд Ганжуур, Данжуурын лүн, Богд лам, Жэ явсрай сүмийн лүн, Багшийг тахихын хөтөлбөр, Бодисадвын явдалд орохуйн хөтөлбөр, насны авшиг тэргүүтнийг удаа дараалан айлджээ.

Шавь нар дотроос өдөр бүр маань мигзэм, ловонгийн тарни, базарсад унших, амьтны амь таслахыг тэвчих, архи тамхи татахыг цээрлэхээр ам өгсөн хүмүүс маш их гарчээ. Мөн Дээрхийн гэгээн Далай багшийн лагшин насны тухайд хонь малын амь аврах, сэтэрлэх тэргүүтнийг хэмжээлшгүй үйлдэж Далай багшид энэ тухай аврал айлтгаж байсанд Дээрхийн гэгээнтэн Далай багшийн таалал машид баясан магтан сайшааж байжээ. Эдүгээг хүртэл Далай багшийн зарлиг удирдлагын дагуу нийт лам хуврагуудын сургалтыг улам арвижуулах, нийт олонд сургаал зарлигаа айлдах, зөв зам мөрийг заан сургаж байна. Догдан ринбүчи нь гүн ухааны Лосалин хийдийн хамба, тарнийн Жүд дацангийн хамба ламын албыг тус тус хашсан эрдэм номын оргил болсон хувилгаан ламтан юм.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ