АВИД БУРХАН

Монголоор Цаглашгүй гэрэлт хэмээнэ. Язгуурын таван бурханы дөрөв дэх шүтээн бурхан. Шунал тачаалыг арилгаж, эрхэндээ хураагч үйлсийг бүтээдэг. Очир завилгаагаар суусан, мутартаа бадар аяга барьсан. Авид бурханыг зурагт дүрслэхдээ улаан өнгөөр дүрсэлдэг. Завилгаа сууж, гарын алгыг дээш харуулан, хоёр мутараа өвөр дээрээ авч бясалгал хийж буй дүртэй. Бурхан багш бодь модны доор сууж нирваанд хүрэхээр бясалгаж байхдаа эл дүрээр сууж байжээ. Түүнийг танка зурагт дүрслэхдээ энэрэн нигүүлсэхүй Жанрайсиг, хүч чадлын ундарга Очирваань бурханы дүрээр дүрслэх нь бий. Энэ нь Авид бурханы өргөсөн тангарагтай холбоотой ажээ. Зовлон шаналал, мухардалд орсон хэн нэгэн насан эцэслэхийн цагт түүний нэрийг бишрэлтэйгээр санаж чадвал ариун газарт эргэн төрнө гэдэг тангараг бөгөөд Жанрайсиг ба Очирваань бурхан гэгээрэлд хүрэхдээ зовлон шаналлын ертөнцөд уналгүйгээр ариун оронд төрсөн гэдэг. Ийм учраас Авид бурханы бясалгалын ухаан ихэд дэлгэрчээ. Тэрээр 13 чимэглэлийн зүйлээр лагшин биеэ чимэглэсэн байдаг. Таван оройт титэм, ээмэг, хүзүүний гоёл, гар болон хөлийн чимэг, бүс, шагайн гоёл зэрэг болно. Авид бурханы унаа нь тогос бөгөөд хорт могойг залгин дарах чадалтай ажээ.
Comments
Post a Comment