ГАНЖУУР

 


Ганжуур гэж Бурхан багшийн их хөлгөн судар буюу суурь онол бүхий нэвтэрхий толь юм. Бурханы шашин бараг 3000 жилийн тэртээгээс, эртний Энэтхэгийн их хаан Шүдходанагийн хөвүүн болон элдэв гайхамшиг үзэгдэл билгийг үзүүлэн мэндэлсэн Сиддихарта хамаг амьтныг зовлон зүдгүүрээс нь ангижруулахын төлөө хэцүү бэрх хатуужлыг үйлдэн бясалгал оюуны хүчээр хэрхэн гэгээрэлд хүрч болдгийг өөрөө биечлэн үзүүлж Бурханы хутгийг олон гэгээрсэн, мөн хамаг амьтанд гэгээрэх боломж буйг баталж тэрээр ном зааж номын хүрдийг гурвантаа эргүүлсэн, гэгээрэхүйд зорин буй хуврагийн аймгийг байгуулсан зэрэг эрдэм үйлсээс улбаалан Бурханы шашин хэмээн нэрлэгдэн өдгөө цаг үед хүрч ирсэн байна.

Бурхан багшийн аман зарлигийн чуулганыг Ганжуур буюу Зарлигийн орчуулга хэмээн нэрлэдэг. Энэрэн нигүүлсэхүй сэтгэлээр суурилж, учир шалтгаан, шүтэн барилдлагын үүднээс юмс үзэгдэл, сансар хорвоогийн мөн чанарыг танин мэдэж гэгээрэх тухай онол сургаалыг Ананд тэргүүтэй шавь нар нь эмхтгэсэн байна.

Бурхан багшийн аман зарлиг Ганжуурыг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан бүтээлийг Данжуур буюу Шашдарын орчуулга хэмээн нэрлэдэг. Данжуур нь буддын арван ухааны 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан их хөлгөн судар юм.

Ганжуурын түүвэр судалгаа бүр VIII зууны үеэс эхэлж хийгдсэн гэж тэмдэглэгдсэн байдаг. Бас нэг томоохон түүх бол Хубилай хааны ач хүү буюу Аюурбарбад Буянт хэмээх хаан (1285-1320) XIV зууны үед Төвөдийн Бүдэн гэгээн хэмээх эрдэмтэн хуврагаар удирдуулсан эрдэмтдийн баг хамт олноор бурхан багшийн айлдвар сургаалиудыг эмхтгэх хааны зарлиг буулгаад, хятад бэх, цаас, бийр тэргүүтэй ном бүтээхэд шаардлагатай эд материалын өглөгийг төвд рүү илгээснээр ном бүтээгдсэн нь Нартан барын Ганжуур хэмээх анхны хувилбар гарсан байгаа юм. Нартан хийдэд хийгдсэн учраас Нартан барын ганжуур хэмээгдсэн аж. Улмаар Лигдэн /1592-1636/ хааны зарлигаар их эрдэмтэн Гунгаа-Одсэр тэргүүтэй эрдэмтэд удирдан зохион байгуулж 1628-1629 онд “Ганжуур”-ыг бүрнээр нь хөрвүүлэн дүүргэсэн байна. Харин “Ганжуур”-ын тайлбар болох “Данжуур”-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж удирдан хамаг монголын 200 орчим эрдэмтэн гүүш нар Төвөд хэлнээс Монгол хэлэнд 1741-1742 онд орчуулан 1742-1749 онд 226 боть болгон модон бараар Бээжинд хэвлэжээ. Монгол Ганжуур, Данжуур бүтнээр буюу заримууд нь Бээжин, Өвөрмонгол, Парис, АНУ-ын Конгрессын номын сан зэрэгт хадгалагдан байдаг. Үүнээс гадна Ганжуур Данжуурыг цул алтаар болон есөн эрдэнээр бүтээсэн бөгөөд өөрсдийн хэрэглэдэг хэл бичгийн (монгол, кирилл бичиг) хувилбараар буулгасан улс дэлхийд Монголоос өөр байхгүй ба Монгол Ганжуур, Данжуур дэлхийн хамгийн бүрэн бүтэн, алдаа мадаггүй, хосгүй үнэт бүтээл юм.

Тухайлбал, Пали, Хятад, Санскрит, Төвөд, Япон, Солонгос зэрэг Азийн орнуудын цөөн хэл дээрх Ганжуур тооны хувьд 100-108 боть байдаг бол Монгол Ганжуур 114 боть байдаг. Монгол Ганжуурыг Түвдийн олон зүйл хэвлэлийг харьцуулан судлаад хамгийн алдаа мадаггүй сонгомол гэсэн хэвлэлийг эх болгож, нэр томьёог нь Санскрит эхтэй нарийвчлан тулгаж, усны урсгал мэт яруу тансаг найруулгаар орчуулсан байдаг.

Comments

Popular posts from this blog

НАРО БАНЧЭН ГЭГЭЭНТНИЙ ӨЛМИЙ БАТАТГАХ ЗАЛБИРАЛ

ОЧИРВААНЬ БУРХАН

НОГООН ДАРЬ ЭХ