БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ
БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТ
I Богд Жавзандамба хутагт
Өндөр гэгээн Занабазар буюу Лувсандамбийжанцан /1635-1723 он/

Өндөр гэгээн Занабазар (1635.10.04-д төрж, 1723.02.18-д нас барсан) бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд Жавзандамба хутагт байв. Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн анхдугаар хөвгүүн болж, Түшээт ханы ойрад хатан Ханджамцаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.
Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжижанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан. Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь 'цэцэн билэг - (жнана), аянгат - (важра) ' гэсэн утгатай Санскрит гаралтай үг. Занабазар 1723 онд Бээжингийн Шар Сүмд нас баржээ. Шарил нь Амарбаясгалант хийдэд хадгалагдаж байсныг 1930-аад оны самуунаар "ногоон малгай"-тнууд гаргаж хаясныг нутгийн иргэд Бүрэн хаан ууланд нутаглуулсан ажээ.
II Богд Жавзандамба хутагт
Лувсандамбийдонмэ /1724-1757 он/

Халхын шарын шашны тэргүүн II Лувсандамбийдоми (1724.01.27-д төрж, 1757.01.05-д нас барсан). Халхын Түшээт хан аймгийн, чин ван Дондовдоржийн хөвүүн. Эх нь хотгойдын Баярт хатан.
Чин улс халхын I Богд Жавзандамба хутагтыг жанч халсны дараа 1729 онд түүний хойд дүрийг тодруулах ажлыг шууд удирдан зохион байгуулжээ. Манжийн хаан түүнд Өндөр гэгээнд олгосон бүх шагнал, эрх ямбыг хэвээр шилжүүлж олгосон. II Богд Жавзандамба, Өндөр гэгээнтний нэгэн адил Халх монголд их нөлөөтэй нэгэн байв. Тиймээс Манжийн эзэн хаан Жавзандамба хутагт нарт зориулж сангийн зардлаар 1727-36 онд Амарбаясгалант хийдийг байгуулсан ба түүнийг 1736 онд Бээжинд очиход нь өөрийн биеэр бараалхаж, хүзүүн дэх эрдэнийн эрхээ түүнд зүүн өгч, буцах зардалд нь 100,000 лан мөнгө олгох зэргээр ихэд хүндлэл үзүүлж байжээ. Үүний сацуу Манжийн төр Жавзандамба хутагтын шашин төрийн болон эдийн засгийн эрх мэдэл, сүр хүчин өсөн нэмэгдэхээс сэрэмжилж байв. Тиймээс ч хутагтын төрийн эрх мэдлийг хязгаарлах, шашин төрийн үйл хэрэгт нь хяналт тавих болж, 1754 оноос түүний төр захиргааны хэргийг яамны эрдэнэ шанзудбад хариуцуулан эрхлүүлэх болсон ба 1755-58 оны Амарсанаа-Чингүнжавын бослогын үеэс бодлогоо улам чангатгав. 1756 оны дөрөвдүгээр сард ойр төрлийн ван Ринчиндоржийг цаазлуулсанд ихэд дургүйцэж, “дөрвөн аймаг хэлэлцээд их түйвээн өднө” хэмээн мэдэгджээ. Манж нар халхууд II Богдыг тойрон нягтарч нэр нөлөөг нь тэмцэлдээ ашиглахаас ихэд болгоомжилж Долнуурт хүчээр аваачин цагдах болжээ. Тэрээр эрүүл чийрэг, ид залуу 34 насандаа учир битүүлэг байдлаар нас эцэслэсэн бөгөөд үүнд Манжийн төрийн оролцоо байсан хэмээн үздэг. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залжээ.
III Богд Жавзандамба хутагт
Ишдамбийням /1758-1773 он/

Ишдамбийням нь 1758 онд Төвөдийн Литанд түшмэл Данзангомбо, Норжинбаммо нарын хөвгүүн болон мэндэлжээ. Манж нар II Богдоос хойш Жавзандамба хутагтын хойд дүрийг Төвөдөөс тодруулахаар тогтсон байна.
Үүнийг эсэргүүцсэн монголчууд Богдын хойд дүрийг тодруулахыг оролдон долоон хүүхдийг товлосон байдаг. Манж нар монголчуудын эсэргүүцлийг үл ойшоон III Богд Жавзандамба хутагтаар Төвдийн Литан газрын амбан Данзангомбын хөвгүүнийг тодруулан өргөмжилжээ. Түүнийг 1763 онд Монголд залж ширээнд суулгажээ. Их хүрээнд 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулсан бөгөөд 15 насандаа таалал төгсжээ. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залсан байна.
IV Богд Жавзандамба хутагт
Лувсантүвдэнванчүгжигмэджамц /1775-1813 он/

Лувсантүвдэнванчүгжигмэджамц нь 1775 онд Төвөдийн нутаг Жидшодын гол хэмээх газар түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт мэндэлжээ. Богд Жавзандамба хутагт нь VIII Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм.
Манжийн хаан Лувсантүвдэнванчүгжигмэджамцыг Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтаар тодруулан өргөмжилж, 1781 онд ширээнд залжээ.
IV Богд нь Винайн ёсыг сайтар сахидаг ариун санваартан байснаараа алдартай билээ. 1813 онд IV Богд таалал төгсжээ. Түүний шарилыг Амарбаясгалан хийдийн алтан суваргад залсан ажээ.
V Богд Жавзандамба хутагт
Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан /1815-1841 он/

Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан нь Лхасын ойролцоо Гомбодондов, Ригзэнбүтэд нарын хөвгүүн болон 1815 онд мэндэлжээ. 1817 онд IV Богдын хойд дүрээр тодорч, түүнийг 1820 онд Их хүрээнд залжээ. Түүний үед Амарбаясгалант хийдэд IV Богдын шарилын сувраг, 1834 онд Их хүрээнд Майдар дацан байгуулагджээ. 1838 онд Хүрээний сүм дуганыг өргөтгөн барьж, Гандантэгчэнлин гэж нэрлэх болжээ. Түүний шарилыг Гандантэгчэнлин хийдэд алтан суваргад залсан байна.
VI Богд Жавзандамба хутагт
Лувсанбалдандамбийжанцан /1843-1848 он/

Лувсанбалдандамбийжанцан нь Лхасын ойролцоо 1843 онд Содномдаржаа, Лхамдолгор нарын хөвгүүн болон мэндэлжээ. Тэр бээр 1848 онд VI Богдоор тодорсон байна. Лувсанбалдандамбийжанцан нь Халхын Их хүрээнд хутагтаар залагдан ирээд удалгүй 49 өдрийн дараа хүнд өвчний улмаас таалал төгсжээ. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залсан байна.
VII Богд Жавзандамба хутагт
Агваанчойживанчүгпринлайжамц /1849-1868 он/

Агваанчойживанчүгпрэнлайжамц нь 1849 онд Лхасын ойролцоо Мягмар, Норовлхам нарын гэрт мэндэлжээ. 1854 онд VII Богдын хойд дүрээр тодруулан, Их хүрээнд залж номын ширээнд суулгажээ. VII Богдын арав гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд их алдаршсан аж. VII Богд Жавзандамба хутагт 19 насандаа жанч халсан байна. Манжийн хааны зарлигаар 1869 онд VII Богд Жавзандамба хутагтын шарилыг Гандантэгчэнлин хийдэд шинэ алтан суваргад шилжүүлэн залжээ.
VIII Богд Жавзандамба хутагт
Агваанлувсанчойжинямданзанванчүг /1869-1924 он/

Монгол Улсын эзэн хаан, шашин төрийг хослон баригч хаан (1911-19, 1921). Хэмжээт цаазат хаан (1921-24), Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжинямданзанванчүгбалсамбуу (Ngag-dbang-blo-bzang-chos-rje-nyi-ma-bstan-'dzin-dbang-phyug) (1869.10.13-д Түвд, Лхасын ойролцоо төрж, 1924.05.20-д Монгол, Нийслэл Хүрээнд нас барсан). Эцэг нь Гончогцэрэн, эх нь Ойдүвдулам. Таван настайдаа Жавзандамба хутагтын хойд дүрээр тодорч Их хүрээнд иржээ. Түүнийг халхууд “Монголд элэгтэй” болгон хүмүүжүүлжээ. Тиймээс тэр өөрийгөө Чингис хааны угсаа, Халхын Түшээт хаан Гомбодоржийн хөвүүн I Жавзандамбын хойд дүр тул Монголын төрийн хэрэг, хувь заяа өөрт нь хамаатай гэж үздэг байв. Манжаас тусгаарлан салах хэмээсэн Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж эл хэргээр хаант Орост элч зарж байв. Манжийн шинэ засгийн бодлогыг эсэргүүцсэн Халхын ноёд түүнийг тойрон хүрээлсэн бөгөөд Богд гэгээн Монголчуудын дунд үлэмж нэр хүндтэй байснаа ашиглаж, “монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгажээ. Халхын ноёд, лам нар Манжаас тусгаарлан улсын хаанд Богд гэгээнийг өргөн зөвлөхөөр хэлэлцэн тохирсон бөгөөд 1911.12.29-д Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын хаан, шашин, төрийг хослон баригч түмэн наст богд хаанаар өргөмжилсөн.
Хятадад нийлэхийг ятгаж байсан Хятадын ерөнхийлөгч Юань Шикай-н ятгалга, сүрдүүлгийг Богд хаан эс зөвшөөрч, бүх Монголчуудыг нэгтгэж нэгдмэл Их Монгол Улсыг сэргээн мандуулахыг зорьж байв. Түүний засгийн газрын сайдууд төрийн тусгаар тогтнолоо хүчирхэг улсуудаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдож байсан боловч энэ оролдлого Хиагтын гурван улсын хэлэлцээрээр таслагдсан билээ. 1919 онд хятадууд цэргийн хүчээр Монголын автономыг цуцлахад Богд хаан гарын үсэг зураагүй юм. Харин ч төрийн тусгаар тогтнолоо сэргээхийг эрмэлзэн АНУ, ЗОУ, Япон болон Колчакийн засгийн газраас тусламж дэмжлэг эрэлхийлж байсан хүмүүсийг дэмжиж байв. Тиймээс хятадууд дээрх хэрэгт сэжиглэн түүнийг баривчлан хорьжээ. 1921 оны хоёрдугаар сард Хүрээг эзлэн авсан Барон Унгерн Монголын автономыг сэргээн мандуулснаа тунхаглаж Богд гэгээнийг Монголын хаан ширээнд залсан бол таван сарын дараа ардын намынхан Нийслэл Хүрээнд орж ирээд мөн л VIII Богдыг хаанаар өргөмжилжээ. 1921.11.01-д Ардын засгийн газраас Богд хаантай “тангаргийн гэрээ” байгуулж хааны улс төрийн эрх мэдлийг хасаж хэмжээт эрхтэй хаан болгожээ. VIII Богд Жавзандамба хутагт 55 насандаа жанч халжээ.
IX Богд Жавзандамба хутагт
Жамбалнамдолчойжижанцан /1932-2012 он/

Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр заларсан IX Богд Жавзандамба нь 1932 онд Төвөдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэх газар Лувсанжамбал, Янжинлхамын гэрт төржээ. IX Богдыг дөрвөн настайд нь Халх Монголын наймдугаар богд Жавзандамбын хойд дүрээр тодруулжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна.
Тэр бээр 1952 онд 21 настайдаа Дагдан Пунцоглин хийдэд шавилан сууж Жонан урсгал дамжлагыг залгамжлан суралцсанаас эхлээд хожмоо эгэл хүний амьдралаар хар бор ажил хийж явангаа шашны дэг зэргээ хамгаалж байжээ. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарсан бөгөөд 2010 оноос Монгол Улсад заларч, 2011 онд шашны тэргүүнээр заларч, 2012 онд жанч халжээ.
X Богд Жавзандамба хутагт
Данзанжамбалчойживанчүг

Монголын бурханы шашны тэргүүн Х Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг ламын аав хуучнаар Тушээт хан аймгийн Эрдэнэ Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймгийн Бугат сумын уугуул, МУИС-ийн багш, математикийн ухааны доктор Чинчулууны Алтаннар, ээж нь Түшээт хан аймгийн Говь Түшээт вангийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монполимет группийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Нармандахын Мөнхнасан билээ. Мөнхнасангийн ээж буюу Богд ламын эмээ нь Цэдэнгийн Гарамжав мөн Түшээт хан аймгийн Эрдэнэ Дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Орхон сумын уугуул байна.
2016 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол улсад айлчлах үедээ Х Богдын дүрийг эндүүрэггүй магад тодруулсан болохоо нийтэд зарлажээ.
Ийнхүү 267 жилийн дараа Монгол нутагт Монгол хүн Монголын Бурханы шашны тэргүүнээр тодорлоо.
2023 оны 4-р сарын эхээр XIV Далай лам Х Богд Жавзандамба хутагтад Данзан Жамбал Чойжи Ванчүг хэмээх алдар хайрлажээ.
Х Богд Жавзандамба хутагтын алдрын эхний Данзан нь XIV Далай лам Данзанжамцын нэрээс, 2 дахь Жамбал нь IX Богд Жамбалнамдолчойжижанцан ламын нэрээ оруулсан байна.
Х Богд Жавзандамба хутагт бээр Монгол түмнийхээ итгэлийн оч, сэтгэл зүрхний хайрыг тээж өдөр бүр буддын ном сургаалд шамдан сурахын зэрэгцээ Монгол, Англи, Төвөд хэл үзэж, тоон болон дуун ухааны номыг эрдэмт багш нараар заалгаж байна.
Comments
Post a Comment